Шинжлэх ухаан

Showing posts with label Номын тэмдэглэл. Show all posts
Showing posts with label Номын тэмдэглэл. Show all posts

Saturday, October 19, 2019

Юм бүхэнд эргэлз | Карл Маркс | Номын тэмдэглэл

Гадаа нартай ч юм шиг наргүй ч юм шиг, намар ч юм шиг өвөл ч юм шиг нэг тиймэрхүү хүйтэн өдөр. Энэ үед эморч нэг үзлээ, нэг хөөрхөн кино санаандгүй бас олоод үзчихлээ. Номын тавиур дээр уншиж дуусгаагүй нэг ном нүдэнд тусав. Номын тэмдэглэл бичнэ гэж боддог ч хэзээ ч хийж зүрхэлдэггүй байлаа. Зүрхэлдэггүй ч биш залхуу л байлаа. 




  Карл Марксийн амьдрал, бие хүний хувьд хэрхэн төвөлшлөө олж, философийн үзэл нь хэрхэн тогтсон болохыг Генрих Волковыхын “Суу билигтний замнал”-д голлон авч үзжээ. Гэхдээ зарим талаараа хэт магтсан өнгө аястай санагдав. Марксийн амьдарч байсан нийгэм гэхээр хоёр зууны өмнө гэсэн үг шүү дээ. Тухайн үеийн нийгмийг Маркс хайр найргүй шүүмжлэгч байсан бөгөөд одоо үеийн Монголын нөхцөлд яв цав шахуу таарч байгаа нь харамсалтай ч гэх үү, цаг хугацаагаар аялаад монголыг жишээ татчихсан юмуу гэмээр. Марксийн бага насны амьдралын хэсгээс хэд хэдэн санааг хуваалцмаар санагдлаа.




“Чухамдаа гэвэл гимнази оюуны хөгжлийн хувьд Марксад онц их зүйл өгч чадахгүй байлаа. Тэр цагийн гимназийн сургалтын систем бол мэдлэгийг дахин давтуулж цээжлүүлж, эцэс төгсгөлгүй давтуулах хуучны сайхан хэвшмэл уламжлалтай байсан юм. Бурхны сургаал, түүхийн баримт сэлт, математикийн томьёонууд зэрэг бэлэн мэдлэгийг ямар ч бодлогүй тогтоож, яг цав сэргээн өгүүлэх чадвараар нь гимназийн багш нар сурагчдаа юунаас ч илүү үнэлдэг. Цээжилсэн зүйлээ огтхон ч түгдрэлгүй давтан хэлж ариун сударт байдаг хувиршгүй үнэнийг гоё сайхан бичиж чаддаг сурагчийг хамгийн шилдэг гэж үзнэ. “

Зарим хүмүүст их танил сонсогдож магадгүй. Багшийн унш, цээжил гэснийг яг тэр чигээр нь ямар ч филтер байхгүй цээжилчихнэ. Тэгээд л арван жилд үзсэн юм амьдралд ямар ч хэрэг болдоггүй гэх хоосон хийдэгчид төрнө. Ямар ч дур сонирхолгүй хэрнээ багшид их юм бичсэн болж харагдах гэж хэрэггүй юмаар дэвтэрээ дүүргэж бичдэг, шалгалтын өмнөх орой хэдэн тодорхойлолт, зүүлт цээжлээд л плас Эй авдаг, хичээнгүй пайзтай над мэтийн худ сурагчид нүдэнд бууж байгаа юм. Гэхдээ Маркс над шиг хулчгар байгаагүй, зоригтой open-minded, бие даасан, зоригтой, багш нарыг эрс шүүмжилдэг байжээ л дээ. Тухайн үед бурхны сургааль номлол, уламжлалт хэв маягийг эс дагах нь тэрслүү хэмээн тооцогддог байлаа, одоо ч ялгаагүй. Маркс угаасаа л хэрсүү, ухаантай юм болохоороо “Мэргэжил сонгохдоо нэгэн хүүгийн бодсон бодол” гэх зохиол хүртэл бичээд авж. 

“Худалдаачны мэргэжил цэргийн мэргэжил давуутай болох тухай, эсвэл шашин номлогч лам болчихвол сайхан байх тухай хамт суралцдаг нөхөд нь бардамнан хэлэлцдэг байхад Маркс нэр алдар хөөцөлдөх бодол санаа төрүүлж, нэр төрийн шулам шүглэсэн, мэргэжлийн талаар хуурамч бодол бий болдог тухай, хожмын мэргэжилдээ өөрийн уран санаагаар гоёчилдог, хуурмаг санааны тухай бичиж байлаа.” Тэгээд Маркс Боннд байдаг хуулийн их сургуульд явж, соёл, философи, эрх зүй шимтэн судалсан байдаг юм.

Ер нь мэргэжил гэж юу юм бэ. Эцсийн эцэст энэ нийгэмд зүтгэх хүмүүс биш үү. Хүн өөрийгөө хөгжүүлж боловсронгүй болно гэдэг хувь хүний зорилго байж болно. Хүн өөрийн үеийг төгөлдөржүүлэхийн төлөө, сэдний сайн төлөө явж байж тэр замдаа өөрөө төгөлдөржих бусуу. Амжилттай амжилттай хүмүүс л гээд байдаг. Тэдний амжилтыг нийгэмд хэр их хувь нэмэр оруулж байгаагаараа үнэлэгдэх болохоос биш, хэр их цалин авч хэр их ашиг олж байгаагаар нь хэмжих юм уу? Ахлах сургуульд багш нар мэргэжлээ сонгохыг шавдуулж, эцэг эх хавь ойрын хамаатан садан "Чи ийм юм болчооч ирээдүйд цөм хийнэ; Нэр хүндтэй ш дээ; Энэ мэргэжил яг чамд тохирно" зэрэг өөрийгөө ч олигтой таньж мэдэхгүй явж байхад ашиг хөөхийг урьтал болгоно. Тэр дундаас хүн өөрийнхөө амьдралыг өөрөө зохионо, өөрөө шийд гэж хэлэх ойр дотны хүн өдрийн од шиг цөөхөн.


“Таны дуртай уриа?
-De omnibus dubitandum.
\Юм бүхэнд эргэлзэх\” гэжээ.

Тэрбээр бурханд ч эргэлзэж эхэлсэн бөгөөд хийсэн зүйлдээ ямагт сэтгэл дундуур. Нэг үгээр хэлбэл Импостер синдромтой байсан байх магадлалтай гэж хувийн зүгээс бодов.  

Энэ урианыхаа хүчээр Маркс хэзээ ч идэвхгүй, сурагч маягаар уншдаггүй байсан бөгөөд уншсанаа үргэлж шалгаж, өөр нэг санаатай эргэцүүлж дүгнэлт хийгээд ахиад л үүндээ эргэлзэж эхэлдэг байж л дээ. Кант, Фихте нар бие хүний эрх чөлөө, бүрэн төгс хөгжлийг хүрч боломгүй, үл гүйцэлдэх гэсэн гэж шүүмжилж, бурхныг үнэмлэхүй эсэх талаар эргэлзэж эхлэв. 18-тайдаа 300-гаад хуудас бүхий эрх зүйн философийн удиртгал бичжээ. Гэтэл би энд төмс царайлаад сууж байх шиг. Миний насан дээр хоёр зууны өмнөх хүн ийм нээлттэй сэтгэж, хэдэн зуун ном уншиж, ийм нарийн эргэцүүлэл хийгээд ном зохиол хүртэл бичсэн байна. Гэтэл бид ухаалаг утас (smartphone)-наасаа илүү ухаалаг байж чадаж байгаа билүү.